Манай сургууль 1947 онд 3 багш, 30 гаруй сурагчтай анх байгуулагдсан. 1957-1958 оны хичээлийн жилд 7 жилийн,1968-1969  оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болж анхны төгсөлтөө хийсэн. 1967 онд сургуулийн дан барилгыг өргөтгөж, хоёр давхар болгосон байна.

Боловсролын яам, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 08 сарын 17-ны өдрийн 300/198 тоот тушаал, захирамж гарч, Сүхбаатар дүүргийн 8-н жилийн сургалттай XI сургуулийн хэв шинж, бүтцийг өөрчлөн , 1990-1991 оны хичээлийн жилд анх захирал Ц.Гантулга, Хичээлийн эрхлэгч Ү.Маам, математикийн багш Г.Ганбат, Н.Дашдаваа, Б.Наранхүү, физикийн багш А.Жанчивдорж, англи хэлний багш А.Ариунболд нарын багш нар V-VII ангийн 6 бүлэгт 120 сурагчтайгаар байгуулсан.

Өнөөдөр 30 гаруй багш, 600 гаруй сурагчтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Манай хамт олны дотроос Монгол улсын ардын багш -1, Монгол улсын гавъяат багш -3, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан -60 гаруй төрөн гарсан бөгөөд зөвлөх -2, тэргүүлэх -18, арга зүйч -5 /92,8 хувь нь мэргэжлийн зэрэгтэй/, магистр багш  -11, магистрант -4 тус тус ажиллаж байна.

 Манай сургууль өнгөрсөн хугацаанд 14 удаагийн төгсөлтөөр 1100 гаруй сурагч төгсгөсөн нь дотоод гадаадын их, дээд сургуульд 100% элсч тэдний 60 хувь нь хөгжингүй орнуудад суралцаж, мөн их дээд сургуульд 20 гаруй нь багшилж байна.

Олон улсын математик, хими, физикийн олимпиадаас 25 медаль авч, 82 орноос 61 дүгээрт орсон нь Монголын багийг түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтанд хүргэсэн. Мөн Евро-Ази, Казакстан, Оросын холбооны Саха, Солонгос улсад болсон Олон улсын уламжлалт олимпиадуудаас 18 медаль, Улс, хот, дүүргийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг математик, хими, физик, мэдээлэл зүй, орос хэл, монгол хэл, газарзүй, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, зэрэг хичээлүүдийн олимпиадуудад манай багш сурагчид эхний байруудад шалгаран нийт 50 гаруй цом, 2000 гаруй медаль авсан.

Их дээд сургуулийн ЭЕШ авч эхэлсэн үеэс хойш тасралтгүй математик, физикийн хичээлээр хот, улсад эхний 1-2-р байрыг эзлэж байна.